ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсгийн уулын, цармын, ой хээрийн тайганцар ой хосолсон сэрүүн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 2214-3549 метр өргөгдсөн. Архангай аймгийн баруун захад буюу Хангайн ноён нурууны салбар уулс Тарвагатайн нурууны өвөр хэсэг-үзэсгэлэнт Хойд Тэрхийн үржил шимт хөндийн дагуу баруунаас зүүн тийш 160 гаруй км сунаж тогтсон 339,8 мянган га нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Очирхайрхан, Хүрэмт, Марз хайрхан, Хөх уул, Туулай уул, Хутаг-Өндөр Биндэръяа, Аръяа уул, Бумбат, Малгат, Хангинах, Тэнгэр царам, Даргай Хан уул гэх мэт 60 гаруй өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн.
Манай сум өөрийн аймгийн Тариат, Хангай сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хил залган оршдог.
Улаанбаатар хотоос 699 км, аймгийн төвөөс 245 км зайд байрладаг.
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай
Нийт 720 өрхийн 2513 хүн ам оршин суудаг.
Нийт 115415 толгой малтай.
Аймгийн хэмжээнд газар нутгийнхаа хэмжээ, амьдралын түвшин сайтайгаараа тэргүүлэх сумдын нэг.
Цахир сум нь ардын хувьсгалын дараа 1923 онд Ардын засгийн газрын шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймгийн “Чандмань Өлзийт далайн хошуу” нэрээр 1931 он хүртэл 8 жил болжээ. Дараа нь УБХ-аас 1931 оны 4-р сард тогтоол гарч аймгуудын нэрийг өөрчлөн 5 аймгийг 13 аймаг болгон өөрчилж, хошуудыг татан буулгаж сумдын тоог цөөрүүлсэнээр Чандмань Өлзийт далайн хошууны нутаг дэвсгэрт Архангайн аймгийн харьяанд байгуулагдсан 10 сумын нэг нь өнөөгийн Цахир сум юм. Цахир сум нь 1923 онд үүсгэн байгуулагдаж 1967 онд татан буугдаж, 1993 онд сэргээн байгуулагдаж 2023 оны 7-р сарын 16-18 өдрүүдэд түүхт 100 жилийн ойн баяр наадмаа хийж хотол олноороо наадсан.